ХАЛХ МОНГОЛЧУУДЫН УРТЫН ДУУ, ЗАН ҮЙЛ

(Номын танилцуулга)

Бидний судалгааны явцын үр дүнд монголчуудын уртын дуу нь хүн онгон байгальтай харилцаж, оюун санаа ухамсрын түвшинд өвөрмөц уялдаа холбоо тогтоодог содон хэрэглүүр болох нь мэдэгдсэн билээ. Уртын дуу түүхийнхээ явцад бөө мөргөл-буддын шашин-төрт ёстой холбоотой хөгжсөнөөс гадна нүүдэлчдийн өдөр тутмын аж байдалтай уялдаатай гэдэг нь улам тодорсоор байна. Тиймээс манай хүрээлэнгийн уртын дуу судлалын ажлын үр дүн дараах ач холбогдолтой. Үүнд:

1.Монголчуудын соёлын төрхийн бусдаас ялгарах бие даасан шинж

чанарыг хадгалахад;

2.Уртын дууг уламжлалт содон хэлбэр, гүн ухамсарт агуулга, баялаг

төрөл зүйлээр нь өвлүүлэхэд;

3.Шинэ технологи хэрэглээнд орох бүрийд мөн чанар нь бүдгэрч буй Хүн төрөлхтний зонхилох хэсэгт бидний уртын дуу судлалын үр дүн өгөөжтэй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор, ямар ч хүн (Япон, Герман, Шевицари, Хятад г.м) монгол уртын дууг танин мэдэж дуулах аваас байгалийн мэдрэмжээ сэргээн хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг туршилтын эерэг үр дагавар нотолсныг дурдууштай

Энэхүү судалгааны ном нь 2008-2018 оны хугацаанд хэрэгжиж, 9 аймгийн, 25 сумын нийт 43 өвлөн залгамжлагчийг хамрав. Тэдний дуулсан нутаг нутгийн аяар нийт 135, давхардсан тоогоор 181 уртын дуу, уриа дуудлагын 26 ая аялгуу, морин хуурын 1 татлага бүртгэгдэв. Түүнээс боржигины 22, давхардсан тоогоор 49 уртын дуу, малын уриан 7 ая, уртын дууны түрлэгийн 2 ая, 1 бүүвэйн дуу, 1 хуурын татлага болон боржигин хуурын хөглөгөө. Бэсүдийн 38, давхардсан тоогоор 40 уртын дуу, малын уриан 1 ая, 1 бүүвэйн дуу; олхонуудын 11, давхардсан тоогоор 13 уртын дуу, малын 2 уриан ая; сартуулын 20, давхардсан тоогоор 30 уртын дуу, малын 6 уриан ая, уртын дууны 2 түрлэг; харчины 10 уртын дуу; урианхайн 21 уртын дуу, мал, амьтаны 3 уриан ая, уртын дууны 2 түрлэг; элжигины 13, давхардсан тоогоор 16 уртын дуу, 1 түрлэг баримтжуулж, нийт 208 дуу, уриа дуудлагын ая, аялгуугаар соёлын биет бус өвийн сан хөмрөгийг зузаатгав.

Гадаад, дотоодын уртын дуу судлаач, дуучин, сонирхогчдын хүрээнд уг номын үнэ цэнэ улам өссөөр, эрэлт нь тэлсээр байна. Монгол уртын дууны судалгааг иж бүрэн болгох зорилгоор Монгол Улс дахь ойрад монголчууд болон дарьганга, үзэмчин; хатагин, сартуул, элжигин халх, дархад; мөн хил залгаа оршиж буй буриад, тува монгол, БНХАУ-ын Хөх нуур муж дахь “Дээд монголчуудын уртын дууны өв”-ийг цуглуулан цэгцэлсээр байна. Судалгааны зарим үр дүнг тодруулж 2016 онд “Ойрад монголчуудын уртын дуу, зан үйл, өвлөгчид”, үүгээр”Халх монголчуудын урын дууны өв, зан үйл-I” номоо Та бүхний гарт хүргэж байна. Цаашид ч монгол уртын дууны өвийн судалгааг таслахгүй, улам шинэ шинэ үр дүнд хүрч ажиллах нь хойшлуулшгүй үүрэг мөн болно .

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн