ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН

Тус хүрээлэн ЮНЕСКО-гийн ивээл доор Индонези, Казакстан, Киргизстан, Монгол болон Турк улсуудын хооронд 1998 оны 9 дугаар сарын 18 нд байгуулсан гэрээний дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО НЬ:

  • Нүүдлийн соёл, түүний дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн тухай мэдлэгийг хөгжүүлэх, олон төрлийн шинжлэх ухааны салбар хоорондын хандлагын үндсэн дээр өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоог ойлгон үнэлж, улмаар тухайн бүс нутгуудад соёл хоорондын яриа хэлцлийг шинэчлэхэд тус дөхөм үзүүлэх;
  • Суурь болон хавсарга судалгааны үндсэн дээр нүүдэлчин ард түмний хөгжилд тус дөхөм үзүүлэх, нүүдэлчдийн өвөрмөц соёл, иргэншил, үнэт зүйл, аж төрөх хэв маягыг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах;
  • Нүүдэлчдийн амьдралын хөгжлийн хэтийн төлөвийн талаар баримтлах бодлого, төлөвлөлтийг зохион байгуулж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг гаргах замаар улс төр, олон нийтийн зүтгэлтнүүд болон хөгжлийн төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд зөвлөж байх;
  • Нүүдлийн болон бусад соёл иргэншлийн асуудлыг судлах шинжлэх ухааны салбар дундын болон интеграл судалгааны бааз суурийг бий болгож, түүний үр дүнд эрдэмтэд холбогдох салбарын судалгааны ажлаа урагшлуулах боломж бүрдүүлэхэд оршино.

ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГА, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Тус хүрээлэн нь ЮНЕСКО-гийн ивээл доорхи бусад улсуудад буй хүрээлэнгүүдтэй ижил бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоотой юм. Тэр тогтолцоо нь:

  • Тус хүрээлэн нь Ерөнхий чуулган, эрдмийн зөвлөл (Academic council) нарийн бичгийн дарга нараас бүрдэнэ;
  • Ерөнхий чуулган нь хүрээлэнгийн гишүүн орны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд улс бүр нэг төлөөлөгчтэй байна. Ерөнхий чуулган 4 жилд 1 удаа чуулж, хүрээлэнгийн бодлогод хамаарах шийдвэрүүд гаргах, эрдмийн зөвлөлийг сонгох, хүрээлэнгийн захирлыг сонгох, хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мөрийн хөтөлбөрийг батлах;
  • Эрдмийн зөвлөл нь гишүүн орнуудаас санал болгосны дагуу Ерөнхий чуулганаар сонгогдсон эрдэмтэд, бусад эрдэмтдээс бүрдэнэ;
  • Эрдмийн зөвлөлийн гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгоно;
  • Эрдмийн зөвлөл нь 2 жилд 1-ээс доошгүй хуралдана;
  • Эрдмийн зөвлөл нь Ерөнхий чуулганы шийдвэрийг биелүүлэх;
  • Эрдмийн зөвлөл нь хүрээлэнгийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, холбогдох арга хэмжээ авах;
  • Захиралд нэр дэвшигчийг Ерөнхий чуулган оруулах үүрэгтэй;
  • Эрдмийн зөвлөлийн санал болгосон захирлыг Ерөнхий чуулган 4 жилийн хугацаатай томилох ба түүнийг 1 удаа улируулан сонгож болно;
  • Орлогч захиралтай байж болно.

ЗОРИЛГО, ҮҮРЭГ НЬ:

            Зорилго нь:

  • Нүүдлийн соёл, түүний дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн тухай мэдлэгийг хөгжүүлэх, олон төрлийн шинжлэх ухааны салбар хоорондын хандлагыг үндсэн дээр өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоог ойлгон үнэлж, улмаар тухайн бүс нутгуудад соёл хоорондын яриа хэлцлийг шинэчлэхэд тус дөхөм үзүүлэх;
  • Суурь болон хавсарга судалгааны үндсэн дээр нүүдэлчин ард түмний хөгжилд тус дөхөм үзүүлэх, орчин үеийн дэлхийн хэрэгцээ, шаардлагад илүү нийцэхэд нь нүүдэлчдэд туслалцаа үзүүлэх, түүнчлэн тэдгээрийн өвөрмөц соёлын иргэншил, үнэт зүйл, аж төрөх хэв маягыг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах;
  • Нүүдэлчдийн амьдралын орон зайн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулан, хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг гаргах замаар улс төр, олон нийтийн зүтгэлтнүүд болон хөгжлийн төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд зөвлөж байх;
  • Нүүдлийн иргэншил судлах олон салбарын судалгааны суурийг бий сонгох, түүний үр дүнд эрдэмтэд,  ялангуяа эрдэм  шинжилгээний  залуу ажилтнууд холбогдох салбарын судалгааны ажлаа урагшлуулах боломжтой болгох;

Үүрэг нь:

  • судалгааны ажлыг зохицуулах, хөхүүлэн дэмжих, зохион байгуулах (үүнд, сурвалж бичгийн материалууд, судалгааны дүнг хэвлэх, орчуулах зэрэг багтана) ;
  • Бичиг баримт, мэдээллийг цуглуулах, судлах, дэлгэрүүлэх (тухайлбал, мэдээллийн тогтмол сэтгүүл нийтлэх, түүнчлэн компьютерийн мэдээллийн бааз бий болгох буюу байгуулагдсан мэдээллийн бааз, комльютерийн сүлжээний холбоо тогтоох замаар хийх) ;
  • Дээр дурдсан салбарууд, ялангуяа нүүдэлчдийн биет бус соёлын өвийг сэргээх, хадгалах, хамгаалахтай холбогдсон нийтлэг болон тодорхой асуудлуудаар зөвлөх, зөвлөмж гаргах;
  • Эрдэм шинжилгээний ажилтнууд, ялангуяа залуу судлаачдыг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцохыг хөхүүлэн дэмжих, жишээ нь цалин, шагнал олгох замаар сайн бүтээлүүдийг урамшуулах;
  • Хамтын эрдэм шинжилгээний экспедици болон орон  нутагт хийх судалгааны ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний байнгын хамтарсан зөвлөгөөн,  бага хурал, симпозиумуудыг явуулж байх;

ГИШҮҮНЧЛЭЛ:

  • Нэгдсэн Үндэстэний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагуудын гишүүн улс орнуудын оролцогч хүрээлэнгийн гишүүд байна.
  • Хүрээлэнгийн хавсарга гишүүд нь төрийн болон хувийн байгууллагууд, шинжлэх ухаан буюу соёлын шинж чанар бүхий төрийн бус байгууллагууд байна.
  • Сурвалжлагч гишүүд нь хувь хүмүүс /эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачид/ байх бөгөөд тэднийг хүн тус бүр дээр Эрдмийн зөвлөлийн оролцож буй гишүүдийн ердийн олонхийн саналаар сонгоно.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТ:

Хүрээлэнгийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

  • Гишүүн орнуудын санхүүгийн татвар;
  • Хавсарга болон суралжлагч гишүүдийн татвар;
  • Монгол улсын засгийн газрын дэмжлэг;
  • ЮНЕСКО болон улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас тодорхой төсөл хэрэгжүүлэхэд зориулсан хандив, дэмжлэг;
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүсийн хандив, буцалтгүй тусламж;
  • Хүрээлэнгийн үйл ажиллагааны үр дүнгээс олох бусад эх сурвалж;

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД:

Тус хүрээлэнгийн хэрэгжүүлсэн төслүүдэд “Соёл иргэншлийн харьцуулсан судалгаа”, “Шинжлэх ухааны боловсрол”, “Глобальчлалын эрин дэх дэлхийн соёл иргэншлийн түүх”, “Дэлхийн нүүдэлчдийн атлас” мөн түүнчлэн ОХУ-ын Буриадын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургууль,  Өвөр Монголын Багшийн их сургуультай хамтран “Төв Азийн нүүдлчдийн соёл иргэншлийн өөрчлөлт” олон улсын экспедици, БНХАУ-ын Ланжугийн их сургууль, БНХАУ болон Монгол Улсын “Баруун хойд бүсийн цөөн тоот үндэстэний соёл иргэншлийн өөрчлөлтийн харьцуулсан судалгаа”, Францын Ази Судлалын хүрээлэнтэй хамтарсан төсөл,  Нүүдэлчдийн оюун санаа болон ёс заншилийн хандлага харьцуулсан судалгаа, Ази Африкийн нүүдлийн мал аж ауйн харьцуулсан судалгаа зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.

ОДОО ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД:

Дотоодын суурь суурь судалгааны төсөл:

  1. “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох нүүдэлчдийн уламжлалт мэдлэг” (2017-2019)
  2. “Монголын уран зохиолын туурвил зүй ба Дандины “Зохист аялгууны толь”-ийн эхүүдийн харьцуулсан судалгаа” (2018-2020)
  3. “Монгол улс дахь нүүдэлчдийн соёлын үл хөдлөх өвийн үнэ цэнийг тодорхойлох судалгаа” (2019-2020)

Гадаадтай хамтарсан төслүүд:

  1. Монгол – БНХАУ-ын хамтарсан “Монгол улсын нутаг дахь эртний нүүдэлчдийн археологийн талаар хийх хайгуул, малтлага судалгаа” төсөл (2018-2019)
  2. Монгол – Японы хамтарсан “Бичээс” төсөл (2018-2021)
  3. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн алс дорнодын салбарын Алс дорнодын ард түмнүүдийн түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хамтарсан “Төв болон Зүүн Азийн нүүдлийн соёл иргэншил” төсөл (2018-2022)