Төслийн тухай

МОНГОЛ-БНХАУ-ЫН ХАМТАРСАН “МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДАХЬ ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН АРХЕОЛОГИЙН ХАЙГУУЛ, СУДАЛГАА” ТӨСЛИЙН МАЛТЛАГА СУДАЛГАА

Төсөл

МОНГОЛ-БНХАУ-ЫН ХАМТАРСАН “МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДАХЬ ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН АРХЕОЛОГИЙН ХАЙГУУЛ, СУДАЛГАА” ТӨСЛИЙН МАЛТЛАГА СУДАЛГАА

Монгол улсын талаас Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БНХАУ-ын ӨМӨЗОрны Музейтэй хамтран “Монгол улсын нутаг дахь эртний нүүдэлчдийн археологийн хайгуул, судалгаа” төслийн хүрээнд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг “Талын гурван хэрэм” хэмээх дурсгалд малтлага судалгаа хийж байна. Төслийн удирдагчаар, Монгол талаас профессор А.Очир, судлаачаар, доктор (Ph.D) С.Хүрэлсүх, магистр Г.Мандахбаяр, Хятад талаас, профессор Чен Ён Жи, дэд профессор Саранбилэг, доктор Чэн ПенФей нар ажиллав.

“Талын гурван хэрэм” хэмээн нутгийнхан нэрлэдэг уг дурсгалыг ХIXзууны сүүлчээр Оросын эрдэмтэн Д.Клеменц олж үзээд Хэрэйд (аймаг)-д холбогдох хот хэмээн тодорхойлсоноос хойш бусад эрдэмтэд эртний том хот хэмээн үзсээр ирсэн боловч уг хэрэмт байгууламжууд болон тэдгээрийн орчин тойрноос барилгын материал ер олдоггүй, гурван хэрэм нь бүтэц, зохион байгуулалт нь хоорондоо бараг ялгарах зүйлгүй, ижилхэн байгаа, нөгөө талаас гол уснаас нэлээд зайтай, уулын энгэр түшүүлэн байгуулсан зэрэг нь тэдгээрийг хот суурин гэж үзэхэд эргэлзээ төрүүлдэг байв. Иймд төслийн багийнхан өмнө нь илрүүлсэн Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэм хэмээх газарт буй байгууламжууд, Архангай аймгийн Батцэнгэл сумын Халзан голын зүүн биед буй байгууламж, Бор азаргын хэрэм зэрэг нь гадаад зохион байгуулалтаараа Талын гурван хэрэмтэй адил байгааг тогтоогоод, хот биш хэмээн үзээд,

Талын гурван хэрэмд 2014 оноос археологийн малтлага хийсэн бөгөөд хэдэн жилийн малтлагаар энэхүү дурсгал нь нүүдэлчдийн тахилга тайлгын зориулалттай шороон байгууламж болохыг тогтоожээ. Малтлагаар илэрсэн модны дээжийг лабораторид он цаг тогтоолгох С-14 шинжилгээнд оруулахад НТӨ 170 – НТ 10 оны хооронд гэсэн дүн гарсан. Ингэснээр энэ байгууламж нь Хүннү нарт холбогдох нь тогтоогдон, сурвалжийн мэдээтэй ч таарсан байна.

Тиймхүү Монгол улсын нутгаас анх удаа Хүннүгийн үеийн гадуураа шороон хэрэм бүхүй тахилын том байгууламжууд илрүүлсэн байна. Судалгаа үргэлжилж байна.