Төслийн тухай

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “БИЧЭЭС” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төсөл

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН “БИЧЭЭС” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос эхлэж Монгол улсын нутаг дахь янз бүрийн хэл, бичгээр буй хөшөөд, хадны бичээсүүдийг шинээр олж илрүүлэх, судлах зорилготой ажилласаар өдгөө 20 гаруй жил болсон байна. Тус хамтарсан төсөлд, Монгол талаас Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Японы талаас Осака олон улсын их сургууль, Рюкокү их сургууль, Отани их сургуулиуд хамтран ажилладаг. Монгол талын төслийн удирдагчаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Олон улсын төслийн зохицуулагч, профессор А.Очир,судлаачаар Л.Эрдэнэболд нар, Япон талын төслийн удирдагчаарОсака олон улсын их сургуулийн профессор К.Мацуда нар ажилладаг.

Өнгөрсөн хугацаанд “Бичээс” төслийн баг зөвхөн Хархорум хотын туурь, Эрдэнэ-Зуу хийдийн орчмоос монгол, хятад, араб, перс хэлээр бичсэн чулуун хөшөө, хөшөөний хугархай 20 гаруйг олж судлаад байна. Тухайлбал,

Төслийн багийнханы олж судалсан хөшөөнүүдийн нэгэнд Чингис хааны Хархорум хотыг байгуулах тухай зарлигийг дурджээ. Уг хөшөө нь одоо Хархоринд буй том чулуун мэлхий дээр байсан бөгөөд олон хугарч бутарчээ. Эл хөшөөний 3 хугархайг шинээр олж урьд олдсон хэсэгтэй эвлүүлэн, бүрэн болгох, сэргээн засварлахаар ажиллаж байна.

Хархорин, Эрдэнэ-Зуу хийдийн орчноос олж илрүүлсэн хөшөөдөөс Монгол улсын засгийн газрын тогтоолооор, I монгол бичигт хөшөөг Монгол улсын хосгүй үнэт, II хөшөөг үнэт өвийн бүртгэлд оруулан, тусгай хамгаалалтад аваад байна.

“Бичээс” төслийн Монголын ихэнх аймагт явж, монгол, дөрвөлжин, хятан, уйгур, түрэг /руни/, согд, перс, хятан бичигтэй хөшөө, хадны бичээсүүд 20 гаруйг шинээр илрүүлэн судалж, үр дүнгээр нь 5 ном Япон улсад нийтлүүлээд байна. Дээрх судалгааны явцад Монгол улсын нутгаас хэвтээ болон босоо дөрвөлжин үсгийн хадны бичээсүүд, хятан их бичигт гэрэлт хөшөөг илрүүлэн олов. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүлээний овооноос олсон хятан их бичигт хөшөө нь 6 мөр бичээстэй. Одоо Монгол үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна.

Тус төслийн баг бичээсүүдийг уншиж судлахаас гадна археологийн малтлага судалгааг хийж байна. 1999 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Тавагчийн-Улаан, 2010 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хар бух балгаст малтлага судалгаа хийж хусны үйсэн дээр монгол, түвэд хэлээр бичсэн үйсэн номуудыг илрүүлэн олжээ. XVI-XVIII зууны үед хамаарах уг үйсэн номуудыг Япон улсын Ганьгужи лабораторит цэвэрлүүлж сэргээн засварлуулж авч ирсэн. Эдгээр үйсэн номуудын монгол бичгээр бичигдсэнийг нь уншиж судлаад, зураг галигийн хамт “Монголчуудын үйсэн ном” нэртэйгээр нийтлүүлээд байна.

Төслийн баг хайгуул судалгааны явцад, Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт нэгэн дөрвөлжин хэрэм бүхүй хуучин балгас байгааг олж, судлаад Халзан ширэг хэмээх уг балгас нь Чингис хааны зарлигаар Чингай ноёны 1212 онд байгуулсан Чингай балгас мөн гэдгийг тогтоож, Монгол улс болон Япон улсад хэвлэлийн бага хурал хийжээ.

“Бичээс” төслийн 2018 оны товч Үр дүн

“Бичээс” төслийн баг 2018 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын Халзан ширэг балгаст өмнөх судалгааг үргэлжлүүлэн малтлага хийсэн. Малтлагаар урьд нь шавар бурхны хөл илэрч байсан бол энэ жилд  гарын хуруу, хар бэхээр бичсэн түвд үсэгтэй бод малын дал, шавар ваар болон шаазан ваар савын хагархай, малын яс зэрэг олдворууд олдсон байна. дог. Судалгааны дүнд Торгоны замыг дагаж бурхны шашин хөгжиж байсныг харуулах боломжтой болоод байна. Тэрчлэн төслийн хүрээнд, Булган аймгийн Баяннуур сумын нутгаас нэгэн гэрэлт хөшөөний хугархайг илрүүлэн судалж, тэр нь 678 онд нас барсан Уйгурын Пугу аймгийн тэргүүн Ито Шоу-д зориулсан 2 дахь хөшөө мөн болохыг тогтоов.

“Бичээс” төсөл нь анх хэрэгжсэнээс хойших ажлынхаа үр дүнгээр Тал нутгийн соёл, шашны харилцаа ба бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан БИЧЭЭС төсөл 22 жилийн үр дүнгээс” нэртэй үзэсгэлэнг 2018 оны 9-р сарын 10-наас 7 хоног Монголын үндэсний түүхийн музейд гаргав. Зуу гаруй үзвэрээс бүрдсэн уг үзэсгэлэнгээр Монгол нутаг дахь олон хэлний бичиг үсгийн соёлыг сурталчилж, Монгол-Японы шинжлэх ухаан, соёлын сүүлийн үеийн хамтын ажиллагааг олон нийтэд танилцуулжээ.