Монгол уртын дууг зөвхөн дотоодод дахин сэргээн босгож, дэлгэрүүлээд зогсохгүй гадаадын уртын дуу сонирхогч хүмүүст дуулах арга барил, уртын дууны хүмүүнлэгийн болон соён гэгээрүүлэх чиг үүргийг танин мэдүүлж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Хятад, Япон, Герман, Франц зэрэг өөр өөр үндэстний хүмүүст монгол уртын дууны өвөөс суралцуулах замаар нүүдлийн соёл иргэншлийн ертөнцийг үзэх үзэлийг дэлгэрүүлэх үйлсэд манай байгууллага өөрийн үүргийг гүйцэтгэж байна. Монгол нүүдлийн соёл иргэншил нь хүн байгаль хоёрын харилцан шүтэлцээг тэнцвэртэй хадгалах замаар аль нэгийг нь давуу хүчний хэрэгсэл болгохгүйн тухай сургааль номлолтой билээ. Тиймээс өнөөгийн Хүн төрөлхтөнд тулгамдаад буй “хүн-байгаль”, “хүн-хүн” хоорондын харилцаанд тулгамдсан зарим сөрөг асуудлыг шийдэхэд монгол уртын дуу оюун санааны чухал хэрэглэгдэхүүн болох боломжтой. Монгол уртын дуу бол хүний амьдралын хэдэн мянган жилийн турш тасралтгүй хуримтлуулсан хүнлэг энэрэнгүйн утга санаа, уран сайхан, гоо зүйн өвөрмөц илэрхийлэл билээ. Энэхүү чанар нь уртын дууг зөвхөн монголчуудад төдийгүй Олон улсад өндөр ач холбогдолтой соёлын биет бус өв болохыг илтгэнэ.

Байгуулагдсан цагаасаа хойш нүүдлийн соёл иргэншлийн дотоод бүтэц дэх уламжлалт урлагийн содон илэрхийлэл, томоохон төрөл мөн болох уртын дууг чухалчлан анхаарч байна. 2000-аад оны эхэн үеэс энэ чиглэлийн судалгааг эрчимжүүлж, уртын дууны холбогдолтой мэдээллэл бүхий ном, CD, DVD-г бүртгэн цуглуулахаас гадна, хээрийн судалгаагаар уртын дууны өвийг баримтжуулж, мэдээллийн сан бүрдүүлж эхэлсэн. Улмаар 2008 онд монгол уртын дууг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвөөр бүртгүүлэх ажлыг судлаачид, бусад байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн. 2008-2010 онд уртын дууны бие даасан төслийг Хятад улстай, 2009-2010 онд ОХУ-тай хамтарч гүйцэтгэснээр Хүрээлэн өөрийн бие даасан “Монгол уртын дууны сан хөмрөг”-тэй болсон юм. Мөн гурван улсын хамтарсан ажлын өргөн хүрээтэй судалгааны явцад 3 удаагийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан билээ.

            Манай судлаачид Хятад Улсын ӨМ-ын ӨЗО-ны ихэнхи нутаг, Цинхай (Хөх нуур) мужийн Дулаан шанд аймгийн дээд монголчуудын уртын дууны өвийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулан цуглуулсан. ОХУ-ын Буриад, Тувагийн нутагт ажиллаж энэ чиглэлийн монгол уртын дууны өвтэй танилсан. Улмаар, Монгол Улсын халх, ойрад, дархад, дарьганга, үзэмчин, буриад г.м олон угсаатны бүлгийн уртын дууны өвийг, түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн хамт баримтжуулснаар манай хүрээлэнгийн судалгааны сан хөмрөгт монгол туургатны хэмжээний уртын дууны төрөлжүүлсэн өв хадгалагдаж байна. Уг эх хэрэглэгдэхүүнд тулгуурлаж  гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй илтгэл хэлэлцүүлж, сонин сэтгүүлд 20 гаруй өгүүлэл нийтлүүлээд байна.  

Монгол уртын дууны судалгааны хүрээнд “Нүүдэлчдийн зан үйл, уламжлалт урлаг судлал” (2010), “Монгол уртын дууны, туурвил зүйл, гоо сайхан” (2011), “Уртын дууны бүртгэл” (2012), “Монгол уртын дуу, түүнийг өвлөгчид” (2013 он), “Монгол төрийн уртын дуу” (2013. CD цомог), “Ойрад монголчуудын уртын дуу, зан үйл, өвлөгчид” (2016), “Халх монголчуудын уртын дуу, зан үйл-I” (2018), “Өвөр монголчуудын уртын дууны өв” (2019) г.м суурь судалгааны эх хэрэглэгдэхүүний чиг үүрэгтэй ном хэвлэж, судалгаа, сургалт, сурталчилгаанд нэвтрүүлсэн. Нэр дурдсан бүтээлүүд нь өнөөдөр гадаад дотоодын олон судлаач, сонирхогч, мэргэжилтэн багш нарын гар дээр хүрч, уртын дууны хадгалалт хамгаалалт, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байна. Дотоодын их, дээд сургуулиуд, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтан ажиллаж зохин үр дүнд хүрсээр байна. Тодруулбал, “Монголын уртын дууны холбоо”, “Уртын дууны өнө чуулга” зэрэг Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний олон зуун гишүүдэд мартагдсан уртын дууг сэргээн дуулах өргөн боломжийг бодит эх хэрэглэгдэхүүнээр дамжуулан олгосоор байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн